НИЙСЛЭЛИЙН ЖДҮҮ ЭРХЛЭГЧДЭД 100 ТЭРБУМЫН ЭХ ҮҮСВЭР БҮХИЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ болон "Богд" банк хамтран жижиг, дунд бизнес, худалдаа эрхлэгчдэд зориулан 100 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөр зарлалаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувь, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг бүрдүүлдэг, 674.546 мянган ажиллагсадтай Монгол улсын нийгэм, эдийн засгийн гол салбарын нэг юм. Дэлхий нийтээр Ковид-19 цар тахалтай тулгараад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 90 гаруй хувь нь цар тахлын нөлөөнд ихээр өртөж ашиг орлого буурч, ажлын байраа алдаад байгаа ба 14 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон гэсэн судалгаа гараад байна. Тиймээс “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас цар тахлын нөлөөнд өртөөд байгаа ЖДҮҮ эрхлэгчдийнхээ санхүүд дэмжлэг үзүүлж цар тахлын нөлөөллөөс гаргах, үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх үүднээс Богд банктай хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2021 оны 09 дүгээр сараас эхлэн ажиллаж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээллээ хүргэлээ.
ЖДҮҮ эрхлэгчдийн хувьд цар тахлын хугацаанд зээлийн муу түүх үүссэн, дийлэнх нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл тусламжид хамрагдаж чаддаггүй байсан бол энэ удаагийн санхүүжилтийн хөтөлбөр нь уян хатан нөхцөлтэй, шуурхай шийдвэрлэгдэхээрээ онцлог болж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, “Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зээлийн хөтөлбөр нь ЖДҮҮ эрхлэгчдийн олон талт нөхцөл байдалд тохирсон байна гэдгээрээ онцлог юм.
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл- Нийслэлийн хэмжээнд нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэй ЖДҮҮ эрхлэгчид эзэлдэг.
- Бараа бүтээгдэхүүн барьцаалсан бизнесийн зээл- Барьцаа хөрөнгөгүй шалтгаанаар зээл тусламжид хамрагдах боломжгүй байсан бол анх удаа ЖДҮҮ эрхлэгчдийн Бараа бүтээгдэхүүн барьцаалсан бизнесийн зээлийг олгохоор болсон юм.
- Пос-ын орлого барьцаалсан бизнесийн зээл- Тогтмол үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бичил, жижиг бизнес эрхлэгчийн посын орлогод үндэслэн Пос-ын орлого барьцаалсан бизнесийн зээлийг шуурхай олгох боломжтой болж байгаа юм.
- Тусгайлан ЖДҮҮ эрхлэгч нарт зориулж, автомашин барьцаалсан бизнесийн зээлийн үйлчилгээ- ЖДҮҮ зээлд бизнес эрхлэгчдээс үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй автомашиныг барьцаалан ЖДҮҮ хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэдгээрээ онцлог давуу талтай.
Шинэ мэдээ