БАНКНЫ САЛБАРЫН ХЭМЖЭЭНД ИРЭХ 2030 ОН ХҮРТЭЛ 50 САЯ МОД ТАРИНА

“БАНКНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ УГТАН БАНКУУД БОГД УУЛАНД ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Монголын банкны холбоо, Холбооны гишүүн арилжааны банкууд, “Төгс хандлагаа өөрчилье” ТББ-тай хамтран Богд ууланд 700 ширхэг шинэс модны суулгац тарьж төгөл байгууллаа. Жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдөр банкны салбарын хэмжээнд “Банкны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Мөн энэ цаг үеэр бүх нийтийн мод тарих өдрүүд тохиодог тул “Банкны ажилтны өдөр”-ийг угтан банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж тогтвортой, зөв хөгжилд олон нийтийг уриалсаар ирсэн билээ.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй. Харин арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулж, энэ чиглэлд манлайлан ажилласаар ирсэн. Тэр дундаа 2018 онд банкуудын санаачилгаар Монголын тогтвортой санхүүгийн холбоог үүсгэн байгуулж, ногоон зээлийг нэвтрүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны зээл олгох төсөл зэргийг хэрэгжүүлэн, харилцагчдад үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Тиймээс ч, өнгөрсөн жил банкууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд салбарын хэмжээнд ирэх 2030 он хүртэл 50 сая мод тарих амлалтыг өгөөд өнөөдөр буюу 05 сарын 27-ны өдөр өөрсдийн төгөлийг байгууллаа.

Богд Банк - Итгэл Түгээнэ




Шинэ мэдээ