БАНК ИРГЭНЭЭС 69 ТӨРЛИЙН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ ШААРДДАГГҮЙ БОЛНО
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк, E-Mongolia академи хамтран лавлагааны дундын систем /Llavlagaa.emongolia.mn/ хөгжүүлж, банкны салбар үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.
Иргэд зөвхөн “E-Mongolia”-аас авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо. Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халж байна.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай, үзүүлэх нөхцөлийг төр, хувийн хэвшил хамтран бий болгож байгаа юм. Ингэхдээ хамгийн их лавлагааг тодорхойлолт шаарддаг банкны салбарынхан энэ үйлчилгэг түүчээлж, Lavlagaa.e-mongolia.mn үйл системийг арилжааны 10 банк хэрэглээндээ нэвтрүүлж эхлэхээр санамж бичигт Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул гарын үсэг зурлаа.
Энэ системийг харилцагч нартаа нэвтрүүлэхийн өмнө банк дотроо хэрхэн ашиглах талаар сургалтад хамрагдаж эхлэх юм. Системийг хөгжүүлэх шалтгаан нь нэг цэгийн үйлчилгээний төвийг зөвхөн лавлагаа тодорхойлолт авах гэж сард 20-30 мянган иргэд зорьдгийг багасгаж, хотын түгжрэл, цаашлаад цаасны хэрэглээг багасгах буюу “ТОС”-ыг дэмжих гээд олон талын ач холбогдолтой юм.
Богд банк - Итгэл түгээнэ