Богд Банк АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацтай (DFC) санхүүжилтийн гэрээ амжилттай байгууллаа
Богд Банк АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацтай (DFC) 15 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр амжилттай байгууллаа. Энэхүү санхүүжилт нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгч болон ногоон санхүүжилтийг дэмжихэд чиглэснээрээ онцлог. Энэ нь Богд Банкны хувьд олон улсын санхүүгийн томоохон байгууллагаас 2022 онд татаж буй санхүүжилтийн гурав дахь томоохон гэрээ юм.
АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацын энэхүү санхүүжилтээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, улмаар НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтууд, тодруулбал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах (5), эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох (8), тэгш бус байдлыг бууруулах (10), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (13) зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
DFC (U.S. International Development Finance Corporation) нь 2019 онд анх байгуулагдсан АНУ-ын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтийн байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад тулгарч буй сорилтуудын шийдлийг санхүүжүүлэх чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажилладаг билээ. 2022 оны байдлаар DFC нь нийт 7.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхий дахинаа эрчим хүч, эрүүл мэнд, дэд бүтэц, технологи зэрэг салбарт олгожээ. Хөгжиж буй орнуудад ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, инновацыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зориулалттай санхүүжилт олгодгоороо онцлогтой.
Богд Банк цаашид олон улсын хамтын ажиллагааг улам тэлж, жижиг, дунд үйлдвэрлэл болон ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр түлхүү ажиллаж буй бөгөөд энэхүү санхүүжилт нь банкны хувьд харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр салбартаа тэргүүлж, нээлттэй ил тод ажиллаж буйг харуулах чухал үйл явдал боллоо.
Богд Банк
Итгэл түгээнэ.