Богд банк ХК 2022 оны IV улирлын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны онцлох ажлаа танилцууллаа
Богд банк ХК өнгөрсөн жилийн 2022 оны 12 сарын 31-ний байдлаарх санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон өнгөрсөн онд харилцагчдадаа зориулан шинээр хэрэгжүүлж, нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, цаг үеийн ач холбогдолтой олон ажил санаачлан хэрэгжүүлснээс онцлон нийт хувьцаа эзэмшигчид, харилцагч нартаа зориулан олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
Шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжүүлэлт:
- Орчин үеийн технологийн эрин зууны эзэд бид хуучирсан хэвшмэл үйлчилгээг халж, анхны Meta банкийг харилцагч нартаа зориулан виртуал орчинд банкны үйлчилгээг авахаас гадна “gamification” буюу тоглоом тоглон B-point урамшууллын лояалти оноогоо цуглуулан өөрийн данс руугаа шилжүүлэх зэрэг үйлчилгээг нэвтрүүлсэн.
- Харилцагч хүссэнээрээ Дансны дугаараа дураараа сонгох үйлчилгээг нэвтрүүлэв.
- Иргэн болон байгууллагын харилцагчдадаа зориулсан хугацаатай хадгаламжийн жилийн хүүг нэмэгдүүлж 13,2% болгов.
- Байгууллагын харилцагчдадаа зориулж Corporate Gateway үйлчилгээг нэвтрүүлэв.
- Prime, Prime Reserve кредит картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.
- Хугацаатай хадгаламжаа хоногийн хугацаагаар сонгох боломжийг бий болгов.
Хэрэгжүүлсэн хөтөлбөр, аян:
- Монголбанк, Монголын банк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” оны хөтөлбөрт Богд банк нь нийт арилжааны банкуудын нийтийг хамарсан арга хэмжээнд амжилттай оролцож, өмнөх жилийн амжилтаа ахиулж 2 дугаар байранд шалгарсан.
- Мөн бид иргэдийн санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиуд болон асрамжийн газруудад “Санхүүгийн боловсрол”, “Хуримтлалын ач холбогдол”-ын тухай сургалтуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй хэрэгжүүлж байна.
- Банк нь хүүхдийн хадгаламжаа шинэ төрх бүхий “Итгэл” нэрээр зах зээлд нэвтрүүлж, харилцагчдадаа зориулсан Итгэл урамшуулалт аяныг зохион байгуулав.
Хамтын ажиллагаа:
- Банкны хувьд өнгөрсөн жил салбартаа анх удаа IPO амжилттай гаргаж байсан бол энэ жил гадаадын томоохон байгууллагууд болох Enabling Qapital хөрөнгө оруулалтын сангаас 2 удаа, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацаас (DFC) санхүүжилт татаж, 2023 ондоо жижиг дунд болон ногоон санхүүжилтийн чиглэлээр түлхүү ажиллаж, олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.
- Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, УБЕГ, Монгол банк, E-Mongolia академи хамтран лавлагааны дундын систем /Lavlagaa.emongolia.mn/ хөгжүүлж, нийт 69 төрлийн лавлагааг цахим хэлбэрээр хялбар шуурхай үзүүлэх ажлыг банкны салбар үйлчилгээнд нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, нийт салбаруудаараа үйл ажиллагааг нэвтрүүлж эхлэв.
- Богд банк нь хүүхэд залуусын ирээдүйн хөгжил, хүмүүжилд сайнаар нөлөөлөх спорт, урлаг уран сайхан, оюуны хөрөнгө оруулалт гээд бүх салбарыг дэмжин бодит дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг. Тулааны урлагаар тэсвэр, хатуужил, хүмүүжил олгох таеквондог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан улсын аварга шалгаруулах тэмцээн, оюуны хөрөнгө оруулалтыг дэмжихэд Цойлогсод залуусын арга хэмжээг 2 жил дараалан ивээн тэтгэсэн.
Мөн кино урлагаар дамжуулах урлагийн боловсрол олгох, залуу уран бүтээгчдээ дэмжин Фантастик продакшны “Зура Цурам ажиллагаа” УСК-г, олон ангит “Өвөөгийн хайр” ОАУСК зэргийг ивээн тэтгэж хамтран ажиллалаа.
Санхүүгийн голлох үзүүлэлтүүд:
- Богд банк нь 2022 онд 116.67 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 700 хувиар өсгөж, жилд дунджаар 31 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2022 оны эцсийн байдлаар 476.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 46%-аар өссөн. 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт хөрөнгө 28.6 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 51 хувийн өсөлт үзүүлсэн байна. 2022 онд нийт 19.13 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2021 оны 10.78 тэрбум төгрөгийн ашгийн үзүүлэлттэй харьцуулахад 77%-аар өссөн байна. 2022 оны 12-р сарын 31-ий байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/16.4%-тай, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 39.4%-тай байна.