Тэрбум мод сангаас нийт 1.34 тэрбум төгрөгийг 34 төсөлд олгож, 105,000 гаруй мод тарьж, 800,000 гаруй хүнд байгаль орчноо хайрлах эерэг хандлагыг бий болгоно
Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association арилжааны банкууд болон Монголбанк хамтран өнгөрсөн онд “Тэрбум мод сан”-г байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор хувийн санхүүжилттэй санг байгуулсан билээ.
Тэрбум Мод Сан-аас 2023 оны 05 сарын 18-ны өдөр иргэд аж ажуй нэгжийн ирүүлсэн нийт 200 гаруй төслөөс шалгарсан 34 төслийг олон нийтэд танилцууллаа.
Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, шалгарсан нийт төсөл хэрэгжүүлэгчиддээ Тэрбум мод тарих их үйлсэд нэгдэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн Богд банкны Бизнес банк хариуцсан дэд захирал М.Алтанбагана батламжийг гардууллаа.
Төслийн хүрээнд 37 га талбайд нийт 105,000 гаруй модыг тарьж ургуулах, 20,000 мкв ногоон байгууламжийг бий болгохоос гадна 5 жилийн хугацаанд тогтмол арчилж, эргэн хяналтыг хийх юм. Түүнчлэн 70 гаруй шинэ ногоон ажлын байрыг бий болгож, 3 төрлийн шинэ технологи, инновацийн шийдлийг нэвтрүүлж, төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн 18,000 гаруй хүүхэд, сурагчдыг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангах юм.
Цаашид Тэрбум мод сан банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, бусад гадна, дотны эх үүсвэрүүдийг судалж ойн салбарт хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.