“Богд Банк” ХК 2023 оны IV улирлын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны онцлох ажлаа танилцууллаа.
“Богд Банк” ХК 2023 оны 12 сарын 31-ний байдлаарх санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон өнгөрсөн онд харилцагчдадаа зориулан шинээр хэрэгжүүлж, нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон цаг үеийн ач холбогдолтой олон ажил санаачлан хэрэгжүүлснээс онцлон нийт хувьцаа эзэмшигчдэдээ болон нийт харилцагч нартаа зориулан олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Залуус өөрсдийгөө илэрхийлж, шинэ боломж, өөртэйгөө ижил сонирхолтой залуустай нэгдэх боломжийг бий болгох зорилгоор ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран хөгжүүлсэн “Compass Community” 4 төрлийн дүр бүхий бүх төрлийн төлбөр тооцоонд ашиглах дотоодын ₮ картуудыг нэвтрүүлсэн.
- Богд Банкны шинэ салбар болох Дархан салбарын нээлтийн үйл ажиллагаанд зориулж Хугацаатай хадгаламжийн урамшуулалт аяныг эхлүүлсэн. Тус урамшуулалд Богд банкны Дархан салбарт 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээсэн болон сунгалт хийсэн 100,000 төгрөг тутамд нэг урамшууллыг эрхийг бэлэглэж, тус эрх дундаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэг урамшууллын эрхийг шалгаруулж, TOYOTA AQUA машины эзнийг тодруулна.
АРГА ХЭМЖЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГАА:
- Triple Jump/Dutch Good Growth Fund хөрөнгө оруулалтын сангаас амжилттайгаар анхны санхүүжилтийг татсан
Triple Jump-тай харилцааг эхлүүлэн, магадлан шалгалтыг (due diligence) амжилттай давж, 2023 оны 12 сарын 11-ны өдөр анхны зээлийн гэрээг байгуулан 8 сая ам.долларын дунд хугацааны санхүүжилтийг татлаа. Энэхүү санхүүжилт нь өмнөх татсан санхүүжилттэй төсөөтэйгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн байна.
- “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд амжилттай оролцон дэд байр эзлэв.
Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд жил бүр хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлах, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлст хувь нэмрээ оруулж, манлайлж уламжлал болгон зохион байгуулладаг “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аянд өнгөрсөн оны амжилтаа давтан дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.
- Тогтвортой хөгжлийг дэмжигч Богд Банк нь дотооддоо ашиглаж буй бүх тээврийн хэрэгслийг 100% цахилгаан автомашинаар шинэчлэв.
Байгаль орчинд ээлтэй технологийг эрхэмлэж буй өнөө цагт нүүрс хүчлийн хий бага ялгаруулах автомашины зээлийг харилцагч нартаа санал болгохоос гадна, банк нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын хэрэгцээнд ашиглаж буй тээврийн хэрэгслийг 2023 онд үйлдвэрлэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн BYD Yuan Plus маркийн 100% цахилгаан автомашинаар шинэчлэв.
УБ хотын Сүхбаатар дүүрэгт байрлах “Их тойруу” худалдааны төвийн 1 давхар, Богд цамхаг тауэрын 7 давхарт “Prime” салбарын болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Дархан ХК-ийн Дархан зах худалдааны төвийн “Дархан салбар” 1-р давхарт өөрийн салбаруудаа тус тус нээж, харилцагч нартаа ойртлоо.
- Санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хүрээнд ЕБС-ийн сурагч нарт хуримтлалын ач холбогдлын сургалтыг орсон.
Богд Банк нь 2023 онд Монгол Улсын иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд илүү их ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд хүүхэд багачуудыг хуримтлалтай болохыг дэмжин “Итгэл” хүүхдийн хадгаламжийн хүрээнд хүүхэд багачуудад урамшуулал олгон, нийт Ерөнхий боловсролын 32 сургуульд тус тус хуримтлалын ач холбогдолтой холбоотой сургалт, зөвлөмжийг өгөх арга хэмжээг зохион байгуулсан билээ.
САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- Богд Банкны өөрийн хөрөнгө 2023 оны байдлаар 141.87 тэрбум төгрөгт хүрснээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөө 8.5 дахин өсгөж, жилд дунджаар 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
- Нийт хөрөнгө 2023 оны байдлаар өнгөрсөн жилээс 49.11%-аар өсөж 713.3 тэрбум төгрөгт хүрлээ. 2014 онд байгуулагдсан цагаас хойш нийт хөрөнгө 43 дахин өссөн бөгөөд жил бүр дунджаар 46 хувийн өсөлт үзүүлсэн байна.
- Цэвэр ашиг нь 2023 оны байдлаар өмнөх 2022 оноос 53%-аар өсөж 29.21 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- 2022 оны 12-р сарын 31-ий байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж /ROE/ 23.43%-тай, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 42.3%-тай байна.
Богд банк-Итгэл түгээнэ