“Монголын банкны форум” Нью-Йоркт анх удаа зохион байгуулагдлаа

“Capital Markets Mongolia” компанийн зохион байгуулж буй “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног: Нью-Йорк” арга хэмжээний хүрээнд 4-р сарын 23-нд “Монголын банкны форум” Нью-Йорк хотод зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд, ХХБ, Голомт банк, Богд банк, Мбанк оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлгүүд явууллаа.

Тус арга хэмжээнд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцохоор бүртгүүлж, банк, санхүүгийн салбарынхантай харилцан мэдээлэл солилцож, уулзаж ярилцсан. Оролцогчдын дунд BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй банк, санхүүгийн салбар, үнэлгээний байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулалтын сангууд багтсан.

Монголын банкны салбарын нийт актив тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд системийн ач холбогдолтой хамгийн том таван банк нээлттэй хувьцаат компани болж, дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь чухал алхам болсон талаар Монголбанк, СЗХ-ны удирдлагууд онцолж байлаа. Цаашид банкны салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, тэдэнд үйл ажиллагаа, өсөлтийн боломжоо таниулах нь чухал болохыг оролцогчид онцолж байсан юм.

Монголын банкуудын хувьд дижитал банкны үйлчилгээг хурдтай нэвтрүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ төв Азийн орнууд дунд тэргүүлж байна. Мөн банкны салбарын хөрөнгө оруулагчдын өгөөж 19.4%-тай байгаа нь Төв Азийн орнууд дундаа Казахстан, Киргизстаны дараа орохуйц харьцангуй өндөр үзүүлэлтэд тооцогдож байгааг Монголын банкны холбооноос онцолсон.

Энэ удаагийн “Монголын банкны форум” нь Нью-Йорк хотод анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Зохион байгуулагч “Capital Markets Mongolia” компанийн хувьд цаашид Монголыг хойд Америк төдийгүй олон улсын хөрөнгө оруулагч нарт таниулах, тэдний сонирхлыг татахад чиглэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөж байна.




Шинэ мэдээ