Богд банкны 2024 эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 15.01 тэрбум төгрөгт хүрлээ
Богд банк 2024 эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашиг 15.01 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээ түвшинд хүрлээ. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 21.52%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 12.0 төгрөгтэй хаагдлаа.
2024 оны эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтээс онцолбол:
Нийт хөрөнгө энэ оны хагас жилийн байдлаар 837.20 тэрбум төгрөгт хүрч өмнөх жилийн мөн үеэс 42.19%-аар өслөө.
Цэвэр зээлийн багц оны эхнээс 47.37% өсөж 460.01 тэрбум төгрөгт хүрсэн.
Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь 3.5%-тай байна.
Харилцагчийн харилцах, хадгаламжийн эх үүсвэр оны эхнээс 18.81%-р өсөж 364.48 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2024 онд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 12.07 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлж, жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.
Тайлант хугацаанд Богд банк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 23.4% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 32.2% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 32.2% болох 204.72 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.
Богд банк-Итгэл түгээнэ