
"Богд банк" ХК нь 2025 оны 2-р улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, хувьцаа эзэмшигч, харилцагч нартаа танилцуулж байна.
Богд банк 2025 хагас жилийн байдлаар татварын дараах цэвэр ашиг 20.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеэс 34.7%-аар өссөн. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 24.53%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 16.18 төгрөгтэй хаагдлаа.
САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
Нийт хөрөнгө 2025.06.30-ний байдлаар 1,105,428.20 сая төгрөгт /1 их наяд 105 сая төгрөгт / хүрч өмнөх жилийн мөн үеэс 32.04%-аар өссөн байна.
2025 оны хагас жилийн цэвэр ашиг 20.2 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 34.7%-аар өссөн ба өнгөрсөн 5 жилийн дундаж өсөлт 48%-тай байна.
Өөрийн хөрөнгө 183.4 тэрбум төгрөгт хүрч 2014 онд анх байгуулагдсан үеийн 16.07 тэрбум хэмжээнээс 11.4 дахин өссөн байна.
Цэвэр зээлийн багц 2025.06.30-ны байдлаар 595.63 тэрбумд хүрч өмнөх жилийн мөн үеэс 30%-аар өссөн байна.
Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч 2.29% -тай болсон байна.
Нийт харилцах хадгаламж өмнөх оны үеэс 10.75%-аар өсч 526.2 тэрбум төгрөгт хүрчээ.
2024 онд олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 49.07 сая ам долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлсэн бол 2025 онд Enabling Qapital санхүүжилтийн байгууллагаас 3 сая ам доллар болон FMO-c 20 сая ам долларын санхүүжилтүүд орж ирсэн байна. Үүнийгээ жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.
Тайлант хугацаанд Богд банк нь Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 22.3% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 32% (байвал зохих хэмжээ 25.0%) буюу бусдаас татан төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийнхээ 32% болох 262 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө болон бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монголбанкны Үнэт цаасанд байршуулан удирдаж байна.