Богд банк гадаад, дотоодын Хөгжлийн банкуудтай нягт холбоотой хамтран ажиллаж байна

Богд банкны Бизнес хариуцсан захирал Г.Мөнхбаатартай ярилцлаа.

Богд банкыг Монголын хамгийн отгон, банк санхүүгийн секторт цоо шинэ дүр төрхтэй гарч ирж, үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж эхэлсэн банк гэж ойлгож байгаа. Саяхан байгуулагдаж байсан мэт боловч цөөнгүй жилийг үдсэн байна. Энэ хугацаанд явагдсан банкны үйл ажиллагааг дүгнэж хэлэхгүй юу?

-Богд банк хамгийн сүүлд байгуулагдсан отгон банк хэвээр. Анх энэ салбарт хөл тавьж орж ирэхдээ л банк санхүүгийн салбарт үлгэр жишээ банк болох зорилт дэвшүүлж, зөв зарчмыг барьж ажилласны үрээр зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай хамт олны эрхэм зорилго, хичээл зүтгэлийн үр дүн аажмаар гарч байгаа бөгөөд 2018 оны эцсийн байдлаар Богд Банк өөрийн активын хэмжээгээр нийт 14 арилжааны банкнууд дунд 10 дугаарт, ашигт ажиллагааны хувьд 8 дугаарт жагсаж байна. Мөн Монгол банкнаас арилжааны банкуудад тавьдаг бүх шалгуур үзүүлэлтүүдийг манай банк тогтмол ханган ажиллаж байна. Бид энэхүү амжилтаа улам ахиулан ажиллаж, банкны салбар дахь өөрсдийн байр сууриа улам бэхжүүлэх зорилготой ажиллаж байна.

- Нэг үеэ бодвол танай банкыг санхүүгийн салбарынхан төдийгүй хэрэглэгч, уншигчид андахгүй мэддэг болж? Жишээ нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк гэж ойлгож болох уу?

-           Цэвэр үндэсний хөрөнгө оруулалттай банк гэдгээрээ бид ялгардаг л даа. Энэ нь манай банкны аливаа үр ашиг Монгол Улсдаа, монгол хүний хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтад үлдэж байгаа гэсэн үг. Манай банк онцгойлон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түлхүү дэмжсэн хөрөнгө оруулалтын чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг мөн нийт монголчууд руугаа чиглэсэн орон сууцны зээл, бизнес болон хэрэглээнд зориулсан банкны бүтээгдэхүүн  үйлчилгээг үзүүлдэг. Бид жил ирэх тутам үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх, дотоод дэд бүтцээ өргөжүүлэх, бэхжүүлэх тал дээр голлон анхаарч байгаа. Мэдээж хэрэг үүний зэрэгцээ улсынхаа эдийн засгийн өсөлтийг хурдасгах зорилгоор гадаадын хөгжлийн банкууд, хөрөнгө оруулалтын сангууд хамтран ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт татах, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажлууд хийгдэж байна. Энэ ажлууд нь Монголын эдийн засагт бодитой бөгөөд эерэг өгөөж өгч, ажилгүйдлийг бууруулахад тустай бөгөөд дотоодын зах зээл рүү чиглэсэн валютын урсгалыг бий болгоход тодорхой хувь нэмэр оруулах боломжтой. Арилжааны банкууд аливаа улс орны эдийн засаг, санхүүгийн салбар, сэтгэл ханамжтай үйлчилгээний нүүр царай болж байдаг. Тэр үүргээ бид ухамсарлан маш өндөр соёлтой, нийгмийн өндөр ухамсартай ажиллахыг дотооддоо ч, гадаад харилцаанд дээрээ илүү хичээж ажиллаж байгааг онцолмоор байна.

-Банкны уриа юу вэ?

-           Бид “Итгэл түгээнэ” гэсэн уриатай. Итгэл гэдэг үгийг яагаад сонгосон бэ гэхээр санхүүгийн бизнес цэвэр итгэлцэл дээр тулгуурлан явдаг. Манай банк хэтийн зорилго бол нийт Монгол түмнийхээ итгэлийг хүлээн томоохон санхүүгийн байгууллага болохыг зорьж байна.

Уриа үг асуусан нь учиртай. Ийм уриан дор мөн таны сая дурдсанчлан, жил ирэх тутам үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх, дотоод бүтцээ өргөжүүлэхээр ажилладаг танай хамт олны талаар сонирхмоор байна л даа?

-Мэдээж хэрэг банк үүсгэн байгуулах амаргүй, гэхдээ зургаан жилийн дотор манай хамт олон маш их туршлага хуримтлуулсан байна. Энэ хугацаа банкны салбарт тийм ч урт биш. Гэхдээ хамгийн залуу, зөв зарчимтай банкны хувьд манай банкны удирдлагын багийг гадаад, дотоодын банк, санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай баг удирдаж байгааг энэ дашрамд дурьдах нь зүйтэй байх. Мөн банкны дээд удирдлагын багийн 50 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бас нэгэн онцлог давуу тал гэж бид үздэг. Монгол эмэгтэйчүүдийн дэлхийд гайхагдсан, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Хатан ухаан, уран нандин ухааныг манай банк өөрийн менежментдээ ашиглаж эхэлсэндээ таатай байгаа. Түүнчлэн банкны маань Төлөөлөн Удирдах Зөвлөлийг олон улсын банк санхүүгийн салбарт 20-30 ажилласан туршлагатай банкирууд бүрдүүлж байгаа нь бидний ажилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг билээ.

-Ийм чадварлаг, олон улсын банк санхүүгийн туршлагаас суралцаж чадсан хамт олон гадаад харилцаа сайтай байж таарна?

-Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголтын Банкуудтай яриа хэлцэл эхлүүлээд явж байна. Худалдааны санхүүжилт, эх үүсвэр татах, гадаад мөнгөн гуйвуулгын чиглэлээр Ази Европийн арилжааны банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Тухайлбал БНХАУ-ын Bank of inner Mongolia болон Baoshang банкуудтай хамтран Монгол Хятад хоёр улсын төслийн санхүүжилтийг амжилттай гүйцэтгээд байна. Ингэснээр дотоодын харилцагчдыг гадны эх үүсвэрээр, хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх боломжтой болж байна. Мөн ОХУ-ны экспорт, импортын банк болох EXIAR банктай гадаад худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулснаар ОХУ болон Монгол улсын экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, хоёр улсын хоорондох худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох боломж бүрдэж байна. Орчин үеийн төлбөр тооцооны шийдлийг бий болгох зорилгоор финтек компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг судлаж байна. Мэдээж хэрэг шинэхэн байгуулагдсан банк учраас энэхүү олон улсын хамтын ажиллагуудыг албажуулан эхлүүлэхэд нилээд цаг хугацаа шаардагдаж байна гэхдээ эхний үр дүнгүүд гараад эхэлснийг дурдах нь зүйтэй болов уу.

- Хөгжлийн банк гэснээс манай орны улс төрийн амьдралд ойрын хугацаанд өрнөж байгаа үйл явдлуудад танай банкны нэр цөөнгүй дурдагдах болсон. Энэ талаар та тайлбарлахгүй юу?

-Манай банк Монгол Улсын санхүүгийн дэд бүтцийн нэгээхэн хэсэг учраас бид Монгол улсад өрнөж буй банк санхүүгийн маш олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Энэхүү ажлын хүрээнд бид Монгол Улсын Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монгол Банк, Хөгжлийн Банк, Арилжааны банкууд, Хөрөнгийн бирж болон бусад санхүүгийн байгууллагуудтай нягт хамтраж ажилладаг. Монгол улсад хэрэгжүүлж буй томоохон хөгжлийн чанартай төслүүдийг Хөгжлийн банк нь арилжааны банкуудтай хамтран мөн дамжуулан хэрэгжүүлдэг гэсэн утгаар манай банк ч гэсэн Хөгжлийн банктай маш олон түвшинд хамтран ажилладаг, цаашид ч илүү хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Жишээ нь Хөгжлийн банкнаас зээл авсан төслүүдийг үргэлжүүлэн санхүүжүүлэх, дахин санхүүжүүлэх ажлуудыг манай банк хийж байна. Мөн Хөгжлийн банкны зүгээс арилжааны бүх л банкуудад хөрөнгө байршуулдаг гэдгийг та ч мэдэх байх. Энгийн үгээр тайлбарлавал Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай илүүдэл хөрөнгөө арилжааны банкуудад үнэ хаялцуулан хүүтэйгээр хадгалуулдаг.  Манай банкны зүгээс бусад арилжааны банкуудтай адилаар Хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын хөгжилд чухал нөлөө бүхий импортыг орлох үйлдвэрлэл, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн төсөл хөтөлбөрүүд дээр илүү түлхүү хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.

Энэ дашрамд дурдахад төрийн байгууллагуудтай ялангуяа Хөгжлийн банктай хамтран ажиллахад гардаг хамгийн түгээмэл бэрхшээл бол хууль ёсны дагуу явж буй аливаа гэрээ хэлцлийг тодорхой улстөрчид хувийн эрх ашгийн үүднээс улс төржүүлдэг, гүтгэдэг, буруу мэдээлэл тараадаг байдал нилээд газар аваад байгаа. Үүний нэг тод жишээ бол өмнөх засгийн газрын үед хууль зүйн яамнаас хийсэн шалгалтын үеэр зөвхөн манай банк Хөгжлийн банктай хамтардаг гэх буруу мэдээллээр улс төржүүлсэн. Одоо мөн манай банк руу чиглэсэн дараагийн ээлжит гүтгэлэг, улс төржилт улс төрийн хүрээнээс эхлэсэн үргэлжилж байна. Иймэрхүү улс төрийн зорилготой буруу дутуу мэдээллийг тодорхой улс төрч нар удаа дараалан хэвлэл мэдээллээр дамжуулан тарааж байгаа нь зөвхөн Богд банк төдийгүй Монгол Улсын санхүүгийн салбарын үйл ажиллагаа, тогтвортой байдалд асар их хор уршигтай юм. Өндөр хөгжилтэй улсууд өөрийн санхүүгийн салбарыг улс төржилтөөс ангид байлгадаг бөгөөд үйл ажиллагааных нь тогтвортой байдлыг хууль тогтоомжийнхоо хүрээнд чанд хамгаалдаг жишиг байдаг.

- Салбарын бус хүний нүдээр харахад арилжааны банкуудын хувьд харилцагч руугаа чиглэсэн тактик нь өөр өөр, гадаад, дотоодоос татсан хөрөнгө оруулалтаа улс орныхоо эдийн засагт оруулж эргэлдүүлэхдээ ч өөр өөрийн онцлог шинжтэй байх юм. Тухайлбал уул, уурхай, томоохон дэд бүтэц рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх банкууд байхад зарим нь техник, технологи, нийгэм, боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулах жишээтэй?

-Банкны үйл ажиллагаа ямар сектор дээр голчлон явагдах вэ гэдгийг хар дээр цагаанаар бичихэд хэцүү л дээ. Учир нь корпорейтийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулна гэсэн боловч иргэдийн банкны үйл ажиллагаа явуулж байгаа банкууд зөндөө байдаг. Цалингийн эсхүл ипотекийн зээл олгоод явж байх жишээтэй. Эсрэгээрээ иргэдийн зах зээл дээр ажиллана гэсэн боловч байгууллагын сектор дээр ажиллаж байгаа банкууд ч байна. Манай банкны хувьд бидний зорилго илүү тодорхой байдаг. Бид дотоодын үйлдвэрлэл, боловсрол, эмэгтэйчүүдийн оролцоо, тогтвортой хөгжлийн төслүүдийг дэмжиж ажиллаж байна. Автозамын салбарт сайжруулсан битумын үйлдвэрлэлийг дэмжиж байна. Манай банкны санхүүжилтээр 1,000 сурагчийн багтаамжтай дунд сургуулийн барилга баригдаж дууслаа. Дараагийн сургуулийн төслийг бид судлаж анхан шатны санхүүжилтүүдийг нь олгоод явж байна. Томоохон зээлдэгч нарын маань 50 орчим хувь эмэгтэй бизнес эрхлэгч нар байна. Үйл ажиллагаандаа Олон Улсын Санхүүгийн Корпорацийн тогтвортой хөгжлийн санхүүжилтийн зарчимуудыг нэвтрүүлэхээр бид нар ажиллаж байна.

-Эсрэгээрээ ямар салбараас зайлсхийдэг вэ?

Сая дурдсан жишээнээс анзаарагдана л даа. Байгаль орчинд ээлтэй, гэр бүлд ээлтэй, хүүхэд залуучуудын боловсрол, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих бодлого түлхүү явуулаад ирэхээр уул уурхай болон архи, тамхины үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулахаас зайлсхийх шаардлага тулгарна. Энэ тал дээр бид хатуу зарчимтай бөгөөд, цаашид ч үүнийгээ барьж ажиллах болно.

-Дэлгэрэнгүй ярилцага өгсөн танд баярлалаа.

 

Цаг гарган бидэнтэй ярилцсанд тань талархлаа.

 

 




Шинэ мэдээ