Богд банк хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ
БОГД Банк нь уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн олгож эхэллээ.
Монголбанкнаас уул уурхайн бус экспорт болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор урт хугацаат репо арилжаа хийх шийдвэр гарч, улмаар нэр бүхий банкуудад тодорхой санхүүжилтийг олгоод байна.
Богд банк нь энэхүү хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг олгохтой холбоотойгоор тодорхой үе шаттай, зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Улмаар эхний ээлжинд эдгээр салбаруудад үйл ажиллагаа явуулдаг харилцагчдынхаа зээлийг дахин санхүүжүүлэх буюу зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд 300 сая төгрөг, уул уурхайн бус экспортын салбарын хувьд 1 тэрбум төгрөг байхаар тогтоосон бөгөөд зээл нь 2 жилийн хугацаатай, жилийн 10.5 хувийн хүүтэй юм. Энэхүү хөнгөлөлттэй хүүтэй зээлийн дэлгэрэнгүй нөхцөл болон шалгуурыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 11 сарын 25-ны өдрийн А-426 тоот тушаалаар баталсан бөгөөд та бүхэн ЭНД дарж танилцана уу
Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар зээлийн хүү буурахаас гадна үндсэн төлбөрөө 6 хүртэл сараар хойшлуулах боломжтой. Иймд уг төслийн зээлд хамрагдах хүсэлтэй, шалгуур хангаж буй ААН-үүд Богд банкны салбар нэгжид хандана уу. Зээлийн хүсэлтээ бууруулах хүсэлтэй харилцагч нар маань зээл авсан салбар эсхүл интернэт банкаараа дамжуулан өгөх боломжтой юм.
БОГД БАНК - ИТГЭЛ ТҮГЭЭНЭ