БОГД БАНКНЫ IPO-НЫ АНДЕРРАЙТЕРААР АРД СЕКЮРИТИЗ АЖИЛЛАНА

УИХ-ын намрын чуулганаар шинэчлэн батлагдсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд тодорхой хугацааны дотор олон нийтэд хувьцаагаа арилжаалж, өмчийнхөө төвлөрлийг сааруулах чухал заалт орсон билээ.

Тэгвэл "Богд" банк Монголын хөрөнгийн бирж дээр шинээр хувьцаа гаргахаа зарлаж, нийт хөрөнгийнхөө 20%-ийг иргэдэд нээлттэй санал болгосон олон нийтийн өмчлөл бүхий анхны банк боллоо.

Тус банкны хувьцааг олон нийтэд танилцуулан арилжаалах үндсэн андеррайтераар "Ард Секюритиз" үнэт цаасны компани ажиллахаар болсон бөгөөд өнөөдөр хоёр компани хамтын ажиллагааны гэрээндээ гарын үсэг зурав.

"Иргэд, ААН-үүдийг "Богд" банкны хувь эзэмшигчийн нэг болох алтан боломжийг нээсэндээ баяртай байна"

"Богд" банкны гүйцэтгэх захирал Г.Саруул

 “Богд банк хувьцаагаа олон нийтэд гаргаж, олон нийтийн компани болох алхмаа хамгийн түрүүнд хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар ийнхүү Богд банкийг олон нийтэд хувьцаагаа гаргах боломжийг нээж өглөө.

Манай банк байгуулагдсан цагаасаа хойш иргэдийн, олон нийтийн банк болох зорилт тавин ажиллаж ирсэн нь өнөөдөр биеллээ олж байна. Тийм ч учраас сүүлийн зургаан жилийн турш олон нийтийн банк болох суурийг маш цэгтэй, дээд зэрэглэлийн хэмжээнд тавьж чадсан. Харин өнөөдөр иргэд, ААН-үүдийг "Богд" банкны хувь эзэмшигчийн нэг болох алтан боломжийг нээсэндээ үнэхээр баяртай байна.

Манай банк өнөөдрийн байдлаар 45 мянга гаруй харилцагчтай бөгөөд дараагийн таван жилд Монголын нөлөө бүхий банкны нэг болохыг зорин ажиллаж буй. Мөн "Богд" банкны өсөлт, хөгжил цэвэр дижитал ертөнцийн хурдаар дэвших боломжтой болжээ.

Иймд үед хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр компанийн засаглал сайжирч, "Богд" банкны үйл ажиллагаанд илүү их итгэл олон түмний зүгээс хүлээлгэж, орчин үеийн шилдэг банк болон хөгжихөд чухал ач холбогдолтой гэж харж байна" гэв.

2014 онд байгуулагдсан тус банк нь маш богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Монголын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг анхлан нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт, байгууллага, хувийн банкны төгс шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгох замаар хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэн, өгөөжийг тогтвортой өндөрт барьж иржээ.

"Сүүлийн 12 жилд Монголын хөрөнгийн бирж дээр банкны хувьцаа арилжаалагдаагүй"

Монголд сүүлийн 12 жилд хийгдээгүй анхны IPO гаргаж байгаа банктай гэрээ байгуулж буйд баяртай байгаагаа "Ард Секюритиз" үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан гэрээ байгуулах үеэр хэлсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр “Монголд хамгийн их хөгжсөн салбар нь харилцаа холбоо, банкны салбар боловч Хөрөнгийн бирж дээр банкны хувьцаа авах боломж өмнө нь байгаагүй. Тодруулбал, сүүлийн 12 жилд Монголын хөрөнгийн бирж дээр банкны хувьцаа арилжаалагдаагүй.

Тиймээс ч яг өнөөдөр Монголд шинээр гарч ирж буй бүтээгдэхүүний салхийг хагалж, "Богд" банк IPO хийх гэж байна.

Банк ийнхүү нээлттэй компани болсноор засаглал нь илүү сайжрахаас гадна олон хувьцаа эзэмшигч байх тусам хөрөнгө нь өсөх ач холбогдолтой. Хөрөнгө нь нэмэгдэхийн хэрээр эргээд зээлийн хүү нь ч буурах боломж бүрдэх юм.

"Ард секюритиз" сүүлийн үед хөрөнгийн зах зээлд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэг. Он гарсаар бид Монголын хөрөнгийн биржийн арилжааны 80 гаруй хувийг явуулж байна. "Ард санхүүгийн нэгдэл"-д өнөөдөр 12 мянга гаруй хувьцаа эзэмшигч бий.

Мөн "Ард" аппликейшнийг өнөөдөр 650 гаруй мянган хүн хэрэглэж байна. Энэ нь тэдгээр хүмүүс "Богд" банктай хамтран ажиллаж, хувьцаа эзэмшигч нь болох боломж илүү их бүрдэж байгаа юм" гэлээ.

Түүнчлэн "Ард секюритиз" компани 2020 онд хөрөнгийн захын цоо шинэ бүтээгдэхүүн болох Үндэсний Хувьчлалын Сан хаалттай хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа тухай Ард Санхүүгийн Нэгдэл" ХК–ийн үүсгэн байгуулагч Ч. Ганхуяг онцолсон юм.

 

Энэхүү мэдэгдлээр үнэт цаас худалдахыг санал болгоогүй ба түүнийг худалдан авахыг сурталчлаагүй болно. Тиймээс аливаа гэрээ хэлцэл явуулах болзлыг энэхүү мэдэгдэл агуулаагүйг дашрамд сануулъя. Аливаа үнэт цаасыг нээлттэй сурталчлах үйл ажиллагааг зөвхөн зохих хууль журамд заасан нөхцөл шаардлагын дагуу олон нийтэд арилжаалах шалгуур хангаж, үнэт цаасны бүртгэлд орсныг үндэслэн явуулах нь хуульд нийцнэ.




Шинэ мэдээ