Богд Банк Ард Холдингс Интернэшнл ХХК нар хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулах гэрээг үзэглэлээ

МонголБанкнаас гаргасан шинэчилсэн тогтоолын дагуу Богд Банк нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гаргаад байгаа билээ. Энэхүү шинэчилсэн зохицуулалт нь Богд Банкны өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулах, цаашлаад хувьцаагаа ил тодоор, нээлттэйгээр шууд эзэмших боломжийг Монгол Улсын иргэн бүрд ижил тэгш олгоно гэж үзэж байгаа бөгөөд банкны зүгээс хамтран ажиллах стратегийн хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлцэл хийх ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.

Улмаар өнөөдөр Ард Холдингс Интернэшнл ХХК-тай  Богд Банк нь стратегийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Мөн Ард санхүүгийн нэгдлийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК (АрдСек) нь Банкны IPO гаргах үйл ажиллагааны үндсэн андеррайтераар ажиллаж байгаа. Энэхүү үйл ажиллагаа нь Банк хувьцаагаа нийтэд санал болгохын өмнөх шат буюу Pre-IPO болох стратегийн хөрөнгө оруулалт бөгөөд УИХ-аас баталсан банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд холбогдох зөвшөөрлийг Монгол банкнаас авахаар шаардлагатай мэдээллийг хүргүүлээд байна.

Богд Банк нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг анхлан нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулагчдынхаа үнэ цэнэ, өгөөжийг тогтвортой, өндөрт барьж ирсэн. Мөн банкныхаа харилцагчиддаа зориулан таатай нөхцөл бүхний шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн үнэ цэнэ бий болгохоор хичээн ажилладаг билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд банкны салбартаа анх удаа харилцагчиддаа урамшуулах B-POINT loyalty үйлчилгээ, мөн төлбөр тооцооны төгс шийдэл бүхий багцын үйлчилгээ болох MASTER PACKAGE болон PRIME PACKAGE үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна. Богд банк нь цаашдаа ч харилцагч болон хамтран ажиллагч байгууллагууддаа шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглээнд нь нэвтрүүлэн Монголын зах зээлийг оройлох банк болохын төлөө шаргуу ажиллаж байна. 

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Санхүүгийн салбарын  шинэ төрх бүхий байгууллагууд ийнхүү хамтарснаар харилцагчиддаа таатай, уян хатан нөхцөл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, илүү үнэ цэнийг бий болгох боломж бүрдэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Богд Банк

Хаяг: Бодь цамхаг, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Улаанбаатар 15160, Монгол Улс

Холбоо барих утас: (976) 7577 1199

И-мэйл хаяг: info@bogdbank.com

Вэб сайт: Богд Банк | Итгэл түгээнэ (bogdbank.com)

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: ardholdings.com

 




Шинэ мэдээ