Богд банк Олимпийн албан ёсны түншээр хамтран ажиллахаар боллоо
Олимп бол дэлхий дээрхи хамгийн том спортын арга хэмжээ. Энэ арга хэмжээ нь тамирчдын хувьд замналынх нь хамгийн оргил тэмцээн байдаг бол тэдгээр тамирчдын амжилт, алдар цуу улс орнуудын хувьд хөгжил дэвшил, хүчирхэг байдлыг илтгэх онцгой чухал үйл явдал. Ийм учраас Богд банк монгол улсыг дэлхийн түүхийн хуудсанд тодоор бичигдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, монгол улсаа дэмжин ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
Мөн Богд банк нь бүх төрлийн спортыг дэмжин ажиллаж нийгэмд эерэг хандлагыг түгээж, эрүүл иргэн байхыг уриалан дуу хоолой болсоор ирсэн. Харин энэ удаад Монголын Үндэсний Олимпийн хороотой хамтран ажиллах дөрвөн жилийн урт хугацааны түншлэлийн гэрээг өнөөдөр буюу Олон улсын олимпийн өдөр байгуулж байна. Ингэснээр Богд банк өнөөдрөөс МҮОХ-ны албан ёсны ивээн тэтгэгч болж байгаа юм.
Энэхүү томоохон түншлэлийн гэрээг байгуулснаар монголын баг тамирчид ирэх зуны олимп болон цаашид зохиогдох олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн тавцанд монголынхоо нэрийг гаргахад нэгэн том хөшүүрэг болж байгаа тухай МҮОХ-ноос мэдэгдэж байгаа юм.
Түүнчлэн олимп нь дан ганц баг тамирчдын оролцож буй тэмцээн биш. Өөрөөр хэлбэл улс үндэстэн тэр даяараа баг тамирчдаа сэтгэл зүрхээрээ дэмжин төрийн далбаагаа хамтдаа мандуулан дуулдаг дэлхийн ард түмний тэмцээн. Харин Богд банк нь энэ том үйл ажиллагаанд хамтран оролцсоноороо нийгмийн хариуцлагын хүрээнд монголын ард түмэндээ том дэмжлэг үзүүлж байгаагийн нэг хэлбэр болж байна.
Гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон “Богд” банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ч.Банчин нар гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг байгуулснаар “Богд” банк “Токио-2020”-оос “Парис-2024” олимпийн мөчлөгт МҮОХ-ны “Мөнгөн түнш”-ээр хамтран ажиллах юм. Тухайлбал, “Шантоу-2023” Азийн залуучуудын наадам, “Бээжин-2022” өвлийн олимп, “Ханжоу-2022” Азийн зуны наадам, “Бангкок-Чонбури-2022” Азийн танхимын болон тулааны спортын наадам, “Санъяа-2023” Азийн элсний наадам болон “Парис-2024” зуны олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахад туслалцаа үзүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын өсвөр үеийн спортоор сонирхож, хичээллэдэг залуучуудаас тив дэлхийн хэмжээний амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Олимпийн албан ёсны түнш Богд Банк - Итгэл Түгээнэ